Шүдний ооны найрлагад юу байдаг вэ?

Шүдний ооны орц найрлагыг шинжлэх ухааны олон жилийн нарийн судалгааны үндсэн дээр боловсруулсан байдаг. Шүдний ооны найрлаган дахь үндсэн бодисууд нь ямар үйлчилгээтэй  вэ?

RDA (англиар: Radioactive Dentin Abrasion) нь шүдний ооны зүлгэх чанарыг илэрхийлдэг бөгөөд  энэхүү үзүүлэлт өндөр байх тусам зүлгэлт ихтэй байна гэсэн үг. Зөөлөн ооны RDA 30, ердийн ооных  70 байхад цайруулагч ооных 100-с дээш байдаг.

Амилоглюкозидаз энзим нь шүдэнд өнгөр тогтолтыг багасгана. Фтор нь шүдний хатуу гадаргуу буюу шүдний пааланг  бэхжүүлж,  цооролтоос хамгаална. Шүдний ооны найрлагын 50% нь шохой, хуванцар бөмбөлөг, силикат г.м. цэвэрлэх чанар бүхий эрдэсээс бүтдэг бөгөөд шүдний гадаргуун дахь  өнгөр, бактери зэргийг арилгах үйлчилгээтэй.  Пирофосфат бодис нь шүдний чулуу үүсэхээс хамгаалдаг бол натриумлаурилсульфат зэрэг хөөсрүүлэгч бодисууд нь шүдний оог амны хөндийд тарааж, хоолны үлдэгдэл болон шүдний гадаргуун дахь өнгөрийг хайлуулах зориулалттай. Сорбитол нь  шүдний оон дахь чийгийг хадгалж, түүнийг хатахаас хамгаална. Триклозан нь буйлны үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй.

Танд шүдний оо авахад дээрх мэдээлэл тустай байх болно.