Зүрх өвдөх нь шүдтэй холбоотой гэж үү?

ХБНГУ-ын Зүрхний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зүрхний эмч, профессор Хэльмут Гольке нь шүдний цоорол (кариес) болон шүдний холбоос эдийн үрэвсэл (пародонтит) нь хүний шүдийг төдийгүй зүрхийг гэмтээх аюултайг тайлбарлаж байна.

“Шүдээ маш сайн угаах нь зүрхээ хамгаалах чухал хүчин зүйл”

Шүд нь зүрхтэй ямар хамаатай юм бэ? Алимыг лийртэй харьцуулахтай адил зүйл биш үү?  гэж хэн нэгэн асууж болох юм. Гэвч маш олон судалгаагаар шүдний цооролттой, холбоос эдийн болон буйлны үрэвсэлтэй хүмүүс эрүүл шүдтэй хүмүүсээс илүү ихээр зүрхний өвчнөөр өвчилдөг болохыг тогтоосон байна. Амны хөндийн бактери нь цусанд нэвтэрч, улмаар буйлаар дамжин үрэвсэл тээгч бодис судсанд нэвтэрснээр судасны хана уян чанараа алдаж, зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, тархинд цус харвах зэрэг өвчлөлийг бий болгодог байна.

Гэхдээ судалгаагаар амны хөндийн эрүүл ахуйг хангах, аливаа үрэвслийг эмчилснээр 6 сарын дотор цусны судас эрүүлждэг болохыг тогтоожээ. Иймээс шүдээ сайн угаахаас гадна мэргэжлийн шүд цэвэрлэгээ хийлгэх нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна. Мөн тамхи татахаас татгалзах, долоо хоногт 2-3 удаад доод тал нь 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх, зохистой хоол хүнсээр хооллох зэрэг амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь нэн чухал юм.