Шүд цэвэрлэгээ гэж юу вэ?

Шүдний эмч танд мэргэжлийн шүд цэвэрлэгээ хийлгэхийг зөвлөсөн үү?

Та шүдний эмчид хандан тогтмол хугацааны давтамжтайгаар шүдээ цэвэрлүүлж байх нь амны хөндийн эрүүл мэндэд төдийгүй хүний ерөнхий эрүүл мэндэд нэн чухал. Германы шүдний эмч нарын холбоо болон хэрэглэгчдийн төвийн судалгаагаар хүн 6 сар тутамд шүдээ тогтмол цэвэрлүүлж байх нь шүдний цоорол үүсэх болон буйлны үрэвсэлээр өвчлөхөөс бүрэн хамгаалахыг нотолсон байна. Ялангуяа дунд болон өндөр настнууд, шүдний аппарат, төрөл бүрийн брэкет, гүүр, крон, имплант хийлгэсэн хүмүүс харьцангуй өндөр эрсдэлтэй байдаг тул тогтмол үзлэг, цэвэрлэгээнд хамрагдаж байхыг зөвлөжээ.

Хэдийгээр та шүдээ тогтмол угаадаг ч энгийн сойзоор шүдний нийт гадаргууны зөвхөн 60 хувийг, цахилгаан сойзоор 75 хүртэл хувийг цэвэрлэж чаддаг байна. Иймд шүд хоорондын завсрыг бүрэн цэвэрлэж чадаагүйгээс өнгөр тогтож, бактери болон шүдний чулуу бий болж, улмаар цоорол кариес үүсгэх, буйлны үрэвсэлд хүргэдэг байна. Мэргэжлийн шүд цэвэрлэгээ нь шүдний хатуу өнгөр, чулууг бүрэн цэвэрлэж амны хөндийг эрүүл байлгах, амнаас аливаа эвгүй үнэр гарахаас сэргийлэх болон шүдний өнгийг сэргээх зэрэг давуу талуудтай байна.