Яагаад таны шүд шарлаж өнгөө өөрчилдөг вэ?

Шүдний өнгө хувиралтыг шүдний мэргэжилтнүүд үндсэн 3 бүлэг болгон ангилдаг.

Гадаад шалтгаантай өнгө хувиралт – Энэ ангилалд шүдний гадна талын гадаргуу кофе, вино, кола, бусад хүнсний зүйлүүдийн будагч бодисын улмаас өнгөө өөрчилснийг хамааруулна. Мөн тамхины улмаас шүд шарлалт нь гадна шалтгаантай өнгө хувиралт юм.

Дотоод шалтгаантай өнгө хувиралт – Үүнд шүдний дотор бүтцийн эдүүд өнгөө өөрчилсний улмаас шүдний гадаргуу дээр ажиглагдах өөрчлөлтийг хэлнэ. Ийм өнгөний хувиралд  нөлөөлөх хүчин зүйлст бага насанд шүдний хэлбэржилтийн үе дэх фторын илүүдэл, эхчүүдэд жирэмсэний хоёрдугаар хагаст тетрациклин антибиоток хэрэглэснээс, мөн 8 болон түүнээс бага настай хүүхдийн тетрациклин антибиотикийн хэрэглээний улмаас үүдэх өөрчлөлт. 

Насжилтаас шалтгаалсан өнгөний өөрчлөлт  - Энэ нь шүдний өнгө өөрчилөх гадаад ба дотоод хүчин зүйлсийн харилцан үйлчлэл дор явагдна. Түүнчлэн тамхи татах болон хүнсний хэрэглээнээс шүдний тугалмай эд нас нэмэх тусам аажимдаа шарласаар байдаг. Хүмүүс нас нэмэхийн хэрээр шүдний гадуур бүрхсэн паалангийн давхрага нимгэрэх бөгөөд энэ нь шүдний тугалмай эд илүү их гэрэлтэн харагдах шалтгаан болдог. Шүд эмтрэх ба ямар нэгэн гэмтэлд  өртөх нь мөн шүдний өнгө өөрчлөгдөх шалтгаан болно.  

Маш ховор тохиолдолд тугалмайн эдийн төрөлхийн гаж хөгжлийн улмаас хүүхэд төрөхдөө саарал, шар, ягаан өнгийн шүдтэй байх нь бий.

Шинж тэмдэг

Шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдсны улмаас эсвэл тугалмайгаас шалтгаалан өнгө өөрчилөгдөх.

Оношилгоо

Шүдний өнгөний өөрчилөлтийг оношилоход тусгай аргачлал шаардлагагүй, зөвхөн шүдийг харж ажиглах байдлаар өнгөний өөрчлөлтийг тодорхойлно.

Урьдчилан сэргийлэх

Хоол идсний дараа шүдээ угааж хэвших нь хоол хүнсний зүгээс ирэх будагч бодисыг цэвэрлэхэд туслана. Шүдний эмч нар кофе, вино зэрэг будагч бодис ихээр агуулсан ундаа, уух юм хэрэглэсний дараа амаа цэвэр усаар зайлж байхыг зөвлөдөг. Шүдний эрүүл ахуйчид тогтсон хугацаанд очиж мэргэжлийн цэвэрлэгээ, өнгөлгөө хийлгэх нь шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдахаас сэргийлэх хамгийн зөв арга.

Шүдний дотоод шалтгаантай өнгөний хувирал нь шүдний дотор байрлах судас, мэдрэлийн багц гэмтсэнээс шалтгаалах ба сувгийн эмчилгээ хийж өнгө хувирахад нөлөөлж байгаа зүйлсийг авч цэвэрлэснээр шүдний өнгө хэвийн болно. Зарим тохиолдолд сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдний өнгө ч бас хувирах нь бий. Хүүхэд насанд шүдний дотоод шалтгаантай өнгөний өөрчилөлтөөс сэргийлэхийн тулд фторын хэрэглээг илүүдүүлэхгүй байх нь чухал. Үүний тулд ундны усанд байх фторын хэмжээг шалгаж үзэх нь зүйтэй. Үүний дараа шүдний эмчийн зөвлөгөөг аваарай.

Эх үүсвэр: www.shud.mn