Буруу зуулт болон шүдний гажигийг хүмүүс ихэвчлэн гоо сайхыг л гутаадаг болохоос тийм ч хэцүү зүйл биш гэж үздэг. Зарим нэг эцэг эхчүүд төрөлхийн юмыг өөрчилж яахнав гэж ундууцах нь ч бий. Гэтэл энэ нь уг үндсээрээ буруу ойлголт юм. Шүдний эгнээнд үүссэн гажиг нь хоол хүнсийг зажлах үед зажлалтын даралтыг жигд бус буруу хувиаралдаг. Үүний улмаас амны хөндийд үрэвслийн процесс үүсэх шалтгаан болно. Улмаар энэ нь даамжирсаар шүдний тулгуур эдийн үрэвсэл болж уг өвчнөөрөө шалтгаан болж байсан шүдээ алдах аюулд учрах боломжтой. Иймд шүдний гажгийг эрт илрүүлж засах нь өнөөдөр нүүр ам судлалын салбарын тулгамдсан асуудал болж бие даасан шүдний гажиг судлал гэсэн салбар үүсэн гараад байна.
Өнөөг хүртэл шүдний гажгийг хүүхэд насанд нь засах нь дээр гэсэн ойлголт байсаар ирсэн. Гэвч сүүлийн үеийн судалгааны үр дүн хүн өөрийнхөө наснаас хамаарахгүйгээр хэзээ ч сайхан инээмсэглэлтэй болох боломжтой юмаа гэж гарсан байна.
Энэ бол эмч миний үзэж байгаагаар ч үнэн зүйл. Насанд хүрэгчдэд шүдний гажиг засахад хүүхдээс ялимгүй удаан хугацаа шаардах боловч үр дүн нь адил байдаг. Орчин үеийн гажиг заслын зэмсгийг хэрэглэж насанд хүрэгчдэд шүдний хооронд гарсан зай шүд авхуулсаны дараах шүдний налалт, зуултын гажиг бүгдийг засах боломжтой. Шүдийг босоо хэвтээ альч тэнхлэгээр шилжүүлж болно.
Шүдний гажгийг мэдээж бүх шүдний эмч нар засах боломжгүй бөгөөд шүдний гажигаар мэргэшсэн ортодонт эмч засна. Орчин үеийн шинэ технологиуд шүдний гажгийг өвдөлтгүй төдийгүй маш үр дүнтэйгээр засдаг болсон.
Монголчуудын хувьд шүдний гажиг засах авагддаггүй зэмсэгээр шүдэн дээр наадаг төмөр болон шаазан брекэт системийг мэддэг. Тэгвэл түүнтэй ижил үйлчилэлтэй боловч аргачлалаараа өөр аргыг Америкийн мэргэжилтнүүд нээсэн бөгөөд түүнийг Инвизилайн ( Invisalign ) гэж нэрлэдэг.
Энэ аргаар шүдний гажигийг засахдаа шүдэнд зүүсэн байгаа нь бараг мэдэгдэхгүй авагддаг хуванцар каппуудыг ашигладаг. Энэхүү капп зэмсгийг өдөржингөө зүүх боломжтой боловч хоол идэх, шүдээ угаахдаа авч тавьчихаад дараа нь зүүж болно. Энэхүү тунгалаг капп зэмсгийг тухайн хүнийн онцлогт зориулан давтагдашгүй байдлаар АНУ-ийн Калифорни мужид байх дэлхийд ганцхан лабораторид үйлдвэрлэдэг.
Инвизилайны иж бүрдэл зэмсгүүдийг тухайн хүний шүдний эгнээнээс авсан хэвэн дээр үндэслэн бэлтгэдэг. АНУ-ын тус лабораторид дэлхийн аль ч улсаас захиалга явуулж болох боломжтой. Захиалга өгөхдөө тухайн хүний шүдний эгнээний хэвийг авна. Хэвийг зориулалтын сайжруулсан силикон материалаар авах бөгөөд энэхүү материал нь шүдний хэвийг маш сайн гаргадаг. Үүний зэрэгцээгээр тухайн хүний шүдний эгнээний дэлгэмэл зураг болон гавлын хажуугийн телеренген зураг авч хавсаргадаг. Түүнчилэн тухайн хүний шүдний эгнээний байдлыг харуулсан фото зургуудыг мөн хавсаргана. Эдгээр зүйлсийг багцлан АНУ-ын Калифорни мужруу тусгай шуудангаар илгээнэ.
Лабораторид дээрх материалуудад анализ хийгээд тухайн хүнд зориулсан шүдний эгнээний зөв хэлбэрийн загвар боловсруулна. Үүнийхээ дагуу тухайн хүнд зориулсан эмчилгээний төлөвлөгөө гаргана. Уг лабораторид цорын ганц ашиглагдаж буй 3D хэвлэгч төхөөрөмжөр тухайн хүнд зориулсан иж бүрдэл тунгалаг капп зэмсгүүдийг үйлдвэрлэн гаргана.
Өвчтөн эмчийн зааварчилгааны дагуу нэг капп зэмсгийг 14 хоног зүүгээд дараагийн шатны капп зэмсэгийг зүүнэ. Дараагийн шатны капп зэмсэг нь өмнөхөөс маш бага хэмжээний л өөрчлөлттэй байна. Үл ялиг даралтаар шүдэнд байнга нөлөөлсөөр өвдөлтгүйгээр шүдийг шаардлагатай зүгрүү микроны нарийвчлалтайгаар шилжүүлдэг.
Энэ үед Инвизилайны ялгаа нь байнга зүүдэг Брекет зэмсэг шиг сэтгэлзүйн хувьд дарамт учруулахгүй. Брекет зүүх нь бусдад содон ялангуяа бага насны хүүхдүүдэд ангийнханаасаа ичмээр харагддаг бол Инвизилайны хувьд тунгалаг учир бараг мэдэгддэггүй. Хоол хүнс идэх шүд угаах амны хөндийн эрүүл ахуй сахихад маш тохиромжтой.
Инвизилайны өөр нэг том давуу тал нь эмчилгээ дуусахад таны шүд яг ямар байрлалд очихыг урьдчилан мэдэх боломжтой байдаг. Орчин үеийн компьютерийн технологийн ачаар эмчилгээний ирээдүйн үр дүнг 3 хэмжээсээр бодитой харуулдаг.
Инвизилайн хэрэглэж байхдаа та эмчийн заасан цагт төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь очиж дараагийн ээлжийн зэмсэгээ авч үр дүнгээ хянуулж байх шаардлагатай. Гэхдээ л нөгөө нэг төрлийн зэмсэг болох Брекет зүүснээс цөөн удаа та эмнэлэгт очих болно.
Инвизлайн системд практикийн хувьд эсрэг заалт бараг байхгүй. Гэхдээ зарим нэг хязгаарлалт байдаг нь энэ системийг эрүү хоншоорын ясны хөгжил нь бүрэн хэлбэржиж дуусаагүй өсвөр насны хүүхдүүдэд ашиглаж болохгүй. Түүнчилэн зарим нэг хэт гаж хөгжлийн үед урьдчилан ердийн брекэт зүүж шүднүүдийг шилжүүлсэний дараа зүүх тохиолдол байдаг.
Эх сурвалж shud.mn
Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.