Цагаан дарс ба бяслаг

Бидний идэж байгаа хоол хүнсний зохицол эрүүл мэндэд чухал тустай гэдгийг Германы мэргэжилтнүүд дахин нотоллоо. Цагаан дарс болон бяслагийг хослуулан идэх нь нэн тохиромжтой гэж анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд үзэж байна. Үүнийг тэд “Цагаан дарс ба бяслагны дүрэм” гэж нэрийджээ. MIG news.com цахим сэтгүүлд бяслаг яагаад цагаан дарс ууж байхад хамгийн оновчтой “даруулга” болох талаар судалгааны үр дүнг мэдээллэсэн байна.

Цагаан дарс нь улаан дарснаас илүү хүчиллэг чанартай учраас шүдний пааланг хүчтэй бөгөөд хурдан гэмтээдэг байна. Учир нь цагаан дарсны найрлагад буй бодисууд нь кальци болон фосфорыг угааж гаргадаг байна. Иймээс кальци ихээр агуулдаг бяслаг идсэнээр шүдийг хамгаалж өгдөг ба аливаа дарсыг төрөл бүрийн жимстэй идэхээс зайлхийх нь зүйтэй гэдгийг эмч нар зөвлөж байна.